¯ðãýëæëýë
Чамд би яахин татгалзах билээ. Бид нэгэн жижигхэн ресторанд хооллосныг чи санаж байна уу. Нээрээ чи минь тиймэрхүү олон уулзалтаас зөвхөн тэр оройг л яаж ялгаж чадах билээ дээ. Би тэгэхэд чиний хувьд хэн ч биш байсан юм чинь.
Гинжин хэлхээ адил тасралтгүй үргэлжилсэн олон зуун үдшийн л нэг шүү дээ. Юмыг яаж мэдэх вэ, чи миний тухай санаж ч магадгүй. Чинийхээ дэргэд дуу хоолойг чинь сонсож суухдаа дэндүү жаргалтай байсан болохоор би яриагүй. Энэ үнэтэй учралыг алдчихгүй гэсэндээ би ямар нэгэн асуулт тавьж илүү үг дуугарахаас айж байсан. Миний хүсэн мөрөөдөж явсан хүнийг чи энгийн өрөвчхөн, сэтгэлд нийцтэй зангаараа баталсныг би ямагт талархан дурсаж явдаг юм. Урьд нь би чамд өөрийн бүх амьдрал хүсэл сэтгэлээ зориулаагүй байсан ч гэсэн чи анхны хормоос эхлээд л надтай эелдэг зангийн үүднээс бус чин сэтгэлээсээ нөхөрсөг сэтгэл булаам зангаар харьцаж эхэлсэн нь намайг өөртөө татаж чадсан билээ. Миний таван жилийн турш хүлээсэн хүлээлтийг талаар өнгөрүүлэлгүйгээр чи миний ямар их хүсэл мөрөөдлийг биелүүлснээ яаж мэдэхэв дээ. Биднийг ширээний араас босоход хэдийнэ орой болчихсон байлаа. Рестораны үүдэнд очоод чи надаас “Завтай юу, эсвэл яарч байна уу?” гэж асуув. Чамтайгаа хамт явахад бэлэн байгаагаа би хэрхэн нууж чадах билээ. Би завтай гэж хэллээ. Чи хэсэг зуур зогсосхийснээ “Манайд очиж жаахан ярилцах уу?” гэв. Дотоод сэтгэлдээ дийлдэн “дуртай зөвшөөрнө” гэж яаран хэлчихсэн хойноо л би тэрхэн дороо миний үг чамайг баярлуулаагүйгээр үл барам яс чинь хавтайх шиг болж чи үнэхээр цочирдсон. Одоо бол чиний гайхсаныг ойлгож байна. Эмэгтэйчүүл голцуу нууцхан хүслээ нууж, хамт явахаас айж буй дүр эсгэн шаргуу гуйсны дараа л сая зөвшөөрч ам тангараг авдаг гэдгийг би мэддэг болсон билээ. Ийм хурдан зөвшөөрөх нь явж сурсан янхан юмуу, эсвэл ямар ч туршлагагүй гэнэхэн охидын шинж байдаг. Гэхдээ миний хариулт бол уйтгар шаналгаатай олон өдрийн хүлээлтээс болж сэтгэл минь надад баригдалгүй өөрийн эрхгүй уруул даван гарчихсан бодлын минь үг гэдгийг чи хэрхэн тааварлах билээ.
Тиймгүй бол миний чамайг сонирхож байгааг чи гайхахгүйсэн. Чи гайхсанаа нууж ядан намайг харж байгааг чинь би мэдэрсэн. Чиний өндөр мэдлэг, зөн билэг чинь энэ итгэмтгий аятайхан бүсгүйн үгийн цаана ямар нэгэн онцгой нууц байгааг чамд хэлээд өгөө биздээ. Болгоомжтой атлаа хэтэрхий шимтсэн асуултуудаас чинь энэ оньсогыг таахыг хүссэн сонирхол төрснийг би ойлгов. Би шууд хариулахаас татгалзаж, зайлсхийж чамд өөрийнхөө нууцыг дэлгэснээс тэнэг юм шиг санагдаад өнгөрсөн нь хавьгүй дээр гэж бодлоо. Чи намайг дагуулан гэртээ орлоо. Хайрт минь намайгаа уучлаарай. Гэхдээ танайд орохоор шатаар өгсөж явахдаа аз жаргалдаа бахардан үхэхээс наагуур догдолж явсныг чи ойлгохгүй л дээ. Одоо энэ тухай нулимс гаргахгүй санахад надад хүнд байна. Гэвч нулимс минь хатжээ. Чи бодоод үз л дээ. Тэнд миний хүүхэд нас, хачин дурлалтай холбоотой бүхэн байсан болоод л тэр. Олон удаа чамайг хүлээж зогссон орц, чамайгаа анх харж хөлийн чимээг чагнадаг байсан шат, гэртээ орон ортол чинь хардаг асан хаалганы шагайвар, үүдэнд чинь байнга хэвтдэг хөл арчдаг хивсэнцэр миний нэг удаа сөхрөн сууж байхдаа сонсоод босон харайсан түлхүүр цоожны харжигнах чимээ...Сэтгэлд минь гэрэлтэн үлдсэн хүүхэд ахуйн минь амьдрал энэ л давчуу газарт өнгөрч одоо ч энд миний бүх амьдрал эхэлж зөвхөн чамтайгаа хамт чинийхээ, өөрийнхөө гэрт ирлээ. Чи минь бод л доо. Миний хэлж байгаа бүхэн чихэнд минь чийртэй сонсогдож байж болох юм. Гэхдээ би өөрөөр хэлж чадахгүй. Миний хувьд танай хаалганаас наана байгаа бүх амьдрал нэгэн хэвийн үргэлжилсэн мохоо амьдрал байсан бол танай хаалганы цаанаас ид шидэт үлгэрийн хаант улс Алладины хаант улс эзэлж байлаа. Бидний одоо ирж байгаа энэ хаалгыг би хичнээн удаа гялалзсан нүдээр ширтдэг байсныг чи мэдэхгүй. Энэ агшин миний хувьд ямар агшин байсныг чи зөвхөн мэдэрч л чадахаас хэзээ ч ойлгож чадахгүй. Би танайд шөнийг өнгөрүүллээ. Өглөө нь явах гэж тун их яарав. Миний ажил эрт эхэлдэг болохоор дэлгүүр дээрээ цагтаа амжиж очих гэж яарснаас гадна чиний зарцад харагдахгүйн тулд бушуухан арилж өгөхийг хүслээ. Хувцасаа өмсчихөөд чиний дэргэд очиход чи намайг өөр лүүгээ татан тэвэрч царайг минь харцаа тогтоон удаан харсан. Тэртэээд болсон энэ явдал чамд цухасхан ч гэлээ санагдаж байгаа болов уу? Миний царай баярласнаасаа болоод сайхан харагдсан юм болов уу даа. Дараа нь чи миний уруул дээр үнссэн. Би чамаас аяархан хөндийрч хаалга руу эргэлээ. Чи надаас “Цэцэг авахгүй юм уу?” гэж асуув. Би “Тэгье” гэлээ. Чи бичгийн ширээн дээрх цэнхэр өнгийн болор цэцгийн савнаас дөрвөн ширхэг цагаан сарнай сугалж авлаа. Би энэ цэцгийн савыг бүр хүүхэд байхдаа танай өрөөнд харсан билээ. Чиний өгсөн тэр цэцэгнүүдийг би олон өдөр үнсэж билээ. Бид дахин уулзахаар болзов. Дахиад л бүх юм гайхамшигтай сайхан байлаа. Гурав дахь удаагаа уулзсаныхаа дараа чи томилолтоор хол явах гэж байгаагаа надад хэлэв. Хүүхэд байхдаа би ингэж аялан явахыг чинь үзэн яддаг байж билээ. Чи гэртээ эргэж ирүүтээ надад хэл дуулгана гэж ам гарлаа. Би чамд нэрээ хэлэхийг хүсээгүй учраас өөрөө хүлээн авахын хаяг өгөв. Би нууцаа алдахыг хүссэнгүй. Чи салахдаа надад дахиад сарнай бэлэглэв. Бүтэн хоёр сарын турш би өдөр бүр лавлаж...үгүй ээ үгүй энэ олон өдөр зовж шаналснаа би юунд бичих билээ. Чамайгаа би буруутгаж чадахгүй. Би чамд ямар их хайртай юм бэ? Би чамайг мартамхай итгэлгүй урьд нь ямар л байсан яг байгаагаар чинь хайрладаг байсан бөгөөд тэр л хэвээрээ үлдсэн юм. Чамайг аль хэдийн эргэж ирсэн гэдгийг би гэрэлтэй цонхоор чинь мэдэж байсан ч чи надад захиа бичсэнгүй. Надад чамаас ганц ч мөр захиа ирээгүй. Би чамд бүхий л амьдралаа зориулсан боловч сүүлчийн мөчийг хүртэл чамаас ганц ч зурвас авсангүй. Би цөхрөлгүй тэвчээртэйгээр хүлээсээр л байсан. Гэтэл чи намайг дуудаж нэг ч мөр юм бичсэнгүй. Нэг ч мөр юм...
Өчигдөр миний хүү нас барлаа. Энэ хүү чиний хүүхэд байсан юм шүү. Үхэх гэж байгаа хүн худлаа хэлдэггүйг чи мэднэ шүү дээ. Хайрт минь энэ хүүхэд аз жаргалтай гурван шөнийн аль нэгэнд олдсон чиний хүүхэд гэдгийг тангараглая. Гэвч чи надаас айсандаа магадгүй гайхсандаа яагаад ийм олон жил юу ч хэлэлгүй байчихаад одоо түүнийг мөнхийн нойроороо нойрсож хэзээ ч эргэж ирэхгүй болчихсон хойно хүүгийн тухай ярьж байгаа билээ гэж асуух байх. Би чамд яаж хэлэх юм бэ? Дөнгөж гуравхан удаа уулзаж ямар ч эсэргүүцэлгүйгээр чамтай учирч нэрээ ч хэлээгүй Танихгүй бүсгүй чамд үнэнч байж хүүхдийг чинь гаргасан гэхэд чи юу боллоо гэж итгэх юм бэ? Хэрвээ миний үгэнд итгээд нууцыг минь илрүүлж би чамтай холбоотой байж чи өөр хүний хүүхдийн төлөө санаа тавих хэрэгтэй болбол чи тийм байж чадах байсан гэж үү. Тэгсэн бол чи намайг сэжиглэж бидний дунд үл итгэхийн сүүдэр хүүшлэх байсан шүү дээ.
Би үүнийг л хүсээгүй юм. Дараа нь би чамайг ойлгосон л доо. Чи өөрийгөө ч бараг мэддэггүй чамтай явж байсан хүүхнүүд хөнгөн сэтгэлтэй ийм тийм гэхгүй санаа амар бас тэгээд дурлалыг зугаа цэнгэл болгоод л өнгөрдөг байсан болохоор гэнэт хэн нэгний хувь заяанд холбогдож эцэг нэр зүүнэ гэдэг чамд бол бүтэшгүй зүйл гэдгийг ойлгосон юм. Эрх дураараа танхил явж сурсан чи надад уягдчихсан юм шиг болох байсан. Тэгвэл магадгүй нэг цаг, хэдэн минут ч чи намайг үзэн ядах байсан. Би бодохдоо миний тухай бүх л амьдралынхаа турш сэтгэл зовж, түгшилгүй дурсаж яваг гэж бодсон юм. Би чамд тээр болоод яахав. Бүгдийг өөрөө үүрч өнгөрөөе гэж шийдсэн. Чамд дурладаг бүх хүүхнүүдийн дотроос үргэлж хайрлан санаж явах ганц хүүхэн чинь байхыг л хүссэн. Гэтэл чи намайг огт дурсаж санасангүй. Бүр мартчихсан байжээ. Гэвч хонгор минь би чамайг хэзээ ч буруутай гэж боддоггүй. Үгүй, буруушаагаагүй шүү? Үгсийн минь завсраар уй гашуу шүүрсэн байвал намайг өршөөгөөрэй. Лааны сүүмгэр гэрэлд алаг үр, чи бид хоёрын хөөрхий үрийн хүүр хэвтэж байна. Бурхан тэнгэр өөд “Алуурчин” гэж гараа зангаж байлаа. Ухаан бодол минь бүр эргэчихлээ. Тоочиж байгаа зовлонгий минь уучил, уучилж үз. Ингэж гомдож гашуудаж суугаа намайг уучилна биз. Чи цаанаа өрөвчхөн зөөлөн сэтгэлтэй хэнд ч тус болох хүн шүү. Зовлонд учирсан аль ч таних Танихгүй хүн чам дээр очсон, тус болох сайхан санаатайг чинь би мэднээ. Тэр нь хойрго боловч дуртай хүн савныхаа хэмжээгээр хутган авч болох хэмжээгүй ихээ. Уучлаарай намайг, харин тэр чинь гуйлгуулж, гувшуулахыг хүлээж суудаг гэмтэй. Чи хүний туслаач гэж гуйсан, дуудсан цагт нь тус боллоо ч гэсэн хүнд тус болоход бэлэн байдаг сайндаа ч биш, харин айж ичсэндээ туслах хүн шүү дээ. Гачигдал зовлонд унасан хүнийг чи өөр шигээ эрх танхил аз жаргал эдэлж яваа хүнээс илүү өрөвдөхгүй. Чамд би үүнийг шууд хэлэх гэсэн юм. Чиний ижил ийм хүмүүсийн хамгийн сайхан санаатайгаас нь ч гуйхад хэцүү. Би жаахан байхдаа үүдэндээ юм гуйж ирсэн гуйлгачинд чиний юм өгч байхыг хаалганы завсраар нэг харсан. Чи түүнийг гуйхаас өмнө мөнгө гаргаж өгч байлаа. Их мөнгө өгсөөн. Гэвч чи түүнийг бушуухан нүд далд оруулах гэснээс өөр юмгүй байв. Чи тэр гуйлгачны нүүр өөд харахаасаа айж байх шиг санагдсан. Тэр гуйлгачинг талархлаа хэлэх гэхэд чи нүүрээ бушуухан буруулж байсныг би одоо мартдаггүй ээ. Ингээд л би чам дээр нэг ч удаа очоогүй юм даа. Намайг очсон бол туслахыг чинь сайн мэдэж байсан. Чи намайг тайтгаруулах байсан. Чи надад мөнгө ч өгөх байсан. Бүр их мөнгө өгөх байсан. Тэгэхдээ чи миний хүүг төрсөн үрээ гэж бодсондоо биш, харин энэ бузар булай амьтнаас яаж бушуухан салъя гэж хүссэндээ л тэгэх байсан шүү дээ. Тэр ч байтугай чи намайг хүүхдээ авахуул гэж лав гуйх байсан биз. Би чиний хэлсэнийг зөрчиж чадах уу? Үгүй? Яаж би чиний хэлсэн үгнээс гажих вэ? Энэ бүхэн намайг юунаас ч илүү айлгаж билээ. Аргагүй шүү дээ. Надад энэ хүүхдээс өөр харах хайрлах юм байсан биш дээ. Харин аварч чадаагүй энэ хүү минь чамтай адил сэтгэл хангалуун аз жаргалтай байж нэг ч үзээгүй нь мэдээж. Тэгэвч амьяас билэгт ухаант хүн чи миний амьдралд салшгүй, бие цогцост минь шингэсэн гэж ямагт бодож явдаг билээ. Тэгэхлээр эцсийн эцэст би чамайг биедээ тээж явсан юм шүү дээ. Сэтгэл санаа цангасан цагтаа янаглан таалж, үнсэн тэвэрч, ундлан хооллож, ухаан санаанд минь чи амьдран боловсорч яваа юм шиг бүх бие цогцсоороо чамайг мэдрэн амьсгалдаг байлаа. Хонгор минь ээ чиний хүүхдийг тээж яваа гэж санах болгондоо яагаад тийм баяр баясгалантай болдог байсны учир энэ ээ. Би чамаас нууж явсаны учир нь энэ ээ.
Энэ хүүхэд чамайг үүрд авсантай адил байв. Хайрт минь ээ? Аз жаргалыг ухаан санаандаа төсөөлөн бодож явсан зөвхөн тэр сар жилүүдэд би зовж зүдрээд зогсоогүй ээ. Хүний бузар булай явдлаас ой гутаж, жигшиж, шаналж, тарчилж явсан удаа надад бас олон бий. Надад тун хэцүү байсаан. Бие давхар болсныг хамаатан садан маань мэдвэл эцэг эхэд маань захиа бичнэ гэж айгаад ажлаасаа арга буюу гарлаа. Эжийгээсээ мөнгө нэхээд ч яах вэ гэж бодоод үлдсэн бага зэрэг үнэт зүйлээсээ зарж түүнийхээ мөнгөөр амь зууж байлаа. Төрөхөөс минь долоохон хоногийн өмнө юм угаадаг хүүхэн үлдсэн хэдэн кроныг маань хулгайлсан учир арга буюу тэтгэврийн төрөх газар хэвтэх боллоо. Тэнд гашуун зовлонд нэрвэгдэж амьдрах арга тасарсан хамгийн ядуу, хамгийн шоовдор хүмүүс очдог байсан. Чиний хүү, миний хүү тэр гуйлгачдын дотор төрсөн. Тэтгэврийн газрыг одоо ч санахад аюултай байна. Адилхан хэвтэж байгаа мөртөө бие биеэ ад шоо үзэх, үзэн ядах нь хязгааргүй байлаа. Гэвч нийтийн зовлон бид бүхнийг цөмийг маань тэр өмхий балиар цус нөжтэй хутгалдсан орилон гаслангаар дүүрсэн явцуу бүгчим тасалгаанд хөөж аваачсан байлаа. Зол заяагүй хүн бүхэнд тохиолддог тэр бүх зан суртахуун, бие махбодын дарлал доромжлолыг би тэнд байгаа янхан хүүхнүүдийн адил амсаж байлаа. Тэдэнтэй яах аргагүй хамт байгаадаа гутарч гуньж, хөөрхий асрах хүнгүй хүүхнүүдийн хөнжлийг сөхөж биенд нь хүрч эрдэмтэн хүний хоосон дүр үзүүлэн инээлдэх залуу эмч нар болон сахигчдын өлсгөлөн нүднээс айж дальдардаг байлаа. Тэнд ичиж зовох гэдэг хүний ёсыг мэдэхээ байсан газар. Нэрий чинь бичсэн дөрвөлжин хавтас л чамаас үлдвэл гүйцэх нь тэр. Хэвтэж байгаа өвчтөнүүд, тэр эмч нарт зөвхөн нэг таталдсан нүцгэн хэсэг мах, үзэж судлахад зориулан тавьсан үзвэрийн юмнаас өөрцгүй байв. Орон гэртээ хайр халамжтай хар хүндээ хүүхэд төрүүлэн өгч байгаа хүүхнүүд бол бараг лабораторийн ширээн дээр шахам төрдөг ганц бие, өчүүхэн ч халамжлал үзээгүй тэр хөөрхий хүүхнүүдийг мэдэхгүй. Тэр байтугай ном уншиж суухад “там” гэдэг үг дайралдвал зовж зүдэрсэн, гаслан гинших, орилж бахирах, зэрлэг бүдүүлэг инээд ханиад өмхий самхай үнэр дүүрсэн тэр өрөө, тэр ой гутам бузар булай явдал өөрийн эрхгүй санагдах юм. Уучлаарай намайг. Би үүнийг анхны бөгөөд эцсийн удаагаа л хэллээ. Хэзээ ч дахиад би энэ тухайд ярихаасаа өнгөрлөө. Арван нэгэн жил би дуугүй явлаа. Одоо мөдхөн үүрд дуугүй болно. Тэгэхээр амьдралдаа ганц ч удаа болсон зориг гаргаж орон дээрээ амьгүй хэвтэж байгаа алаг үрээ, амьдралын минь аз жаргал гэгээн нар болж байсан энэ хүүхдийг ямар их үнээр олж авсанаа хэлэх эрхтэй биш үү? Би хүүгийнхээ инээн баясахыг харж суухдаа энэ бүхнийг аль хэдийн мартсан байж. Одоо хүүгээ үхүүлчихээр урьдын амсаж явсан сэтгэлийн зовлон дахин ирлээ. Энэ тухай би үглэн тоочихгүй байж чадахгүй ээ. Хүн байна, ганц удаа боловч санаа сэтгэлээ ярьж хөнгөлж болно биз дээ. Гэсэн ч чамайг харааж зэмлэхгүй. Харин бүх эдэлсэн зовлонгий минь ямар ч агуулгагүй болгосон тэнгэр бурхныг зэмлэн яллаж байна. Би чамайг яасан ч зэмлэхгүй, хичнээн гомдож байсан ч хэзээ ч би чамайг буруутан болгохгүй. Хүүхдээ гаргах гэж зовон тэлчилж хэвтэхдээ ч, ухаан алдтал өвдөж шаналж байхдаа ч чамайг нэг ч удаа харааж зэмлэж байгаагүйг минь бурхан гэрчилнэ. Чамд өгсөн сэтгэл зүрхээ хэзээ ч би харааж зүхэж байгаагүй ээ. Чамд цаг үргэлж хайрлан дурласаар, чамтай уулзсанаа ямагт хүндэтгэж явдаг. Харин гуйлгачны төрөхийн тэр аймшигт явдлууд дахин давтагддаг юм гэлээ, дараа нь эдлэх зовлонгоо мэдэж байлаа ч гэсэн чамтай тэгэж уулзахаар би дахиад л очих юм. Мянга дахин ч очихоос буцахгүй дээ хайрт минь.
Хэзээ ч чиний мэдээгүй хөөрхий үр минь өчигдөрхөн нас барлаа. Хэзээ ч тохиодлын төдийд хоромхон зуур ч атугай чи төрсөн үрээ, цэцэглэж байсан тэр хөөрхөн амьтныг олж харахгүй. Би чамаас хүүгий чинь удаан хугацаагаар нууж явсан билээ. Одоо би чамдаа урьдынхаасаа ч илүүгээр хайрлан дурлаж байгаа юм шиг санагдах мөртөө энэ бүхэн миний тэсэшгүй зовлонг даанч хөнгөлж чадахгүй юм даа. Чам шиг аз жаргалтай хүний амьдрал надаас холуур өнгөрч би хоёр хүнд бус ганцхан хүүдээ, өөрийнхөө тэжээж өсгөх ёстой, тэврэн үнсч чадах ганц хүүдээ л өөрийгөө зориулахыг хүссэн юм. Би чамд дурласан сэтгэлээ буруутгалгүй харин ч хувь тавилангаас зайлсхийсэн мэт болж түүнээс хойш чи надад огт өөр хүн санагдаж, танай байшин руу ховорхон, дэндүү цөөхөн очдог болж билээ. Би харин жил бүр чиний төрсөн өдрөөр, бид хоёрын хамт өнгөрүүлсэн анхны шөнийн маргааш чиний надад бэлэглэсэн цагаан сарнайтай яг адил сарнайг чамд алгасалгүй илгээж байсан. Миний яг төрсөн өдрөөр, энэ сарнайнуудыг хэн надад хаанаас илгээгээд байна гэж арван гурван жил өнгөрөхөд ганц ч удаа болохноо өөрөөсөө асууж үзсэн үү? Хэн нэгэн бүсгүйд ийм цагаан сарнай бэлэглэснээ санасан ч байж магадгүй. Гэхдээ би хэзээ ч чиний хариултыг мэдэж чадахгүй л дээ. Жилд ганцхан удаа чамд цагаан сарнай илгээхдээ би тэр нэгэн учралыг дурсаасай гэж л хүсдэг байлаа. Чи хүүгээ хэзээ ч мэдээгүй. Хэрвээ мэдсэн бол чи хүүдээ хайртай байж болох байсан, чамаас хүүгээ нуусандаа одоо л гэмшиж байна. Чи хөөрхий хүүгээ хэзээ ч хараагүй. Яг л чинийх шиг бодлогоширсон том хар нүдээрээ хэрхэн инээдэг байсныг чи нэг ч хараагүй. Баяр хөөр гэрэлтсэн нүд нь надад бүхнийг оролдогсон. Тэр чинь ямар энхрий хөгжилтэй хүү байв даа. Чиний дүрэлзсэн шаргуу зан чиний юм бүхэн түүнд шингэсэн байлаа. Хүү минь бүтэн цагаар ч хамаагүй ямар нэгэн тоглоомоор өөрийгөө саатуулж (яг л чиний амьдралаар тоглодог шиг) дараа нь ном уншихдаа хөмсгөө зангидан анхаарлаа төвлөрүүлж удаан суудагсан. Хүү чинь чамайг дэндүү дуурайсан юм шүү. Хүүд минь хоёрдмол хөнгөн, буурьтай зан чанар аль эртнээс бүрдэж, миний ухаан алдан дурлаж байсан чамайг давтсан юм шиг санагддаг байсан. Хүү минь сайн сурдаг, францаар шаазгай шиг шулганадаг, дэвтрүүд нь хамгийн цэвэрхэн байдаг байлаа. Хар хилэн костюм, усан цэргийн цагаан хүрэмтэйгээ тун ч аятайхан харагддагсан. Градогийн наран шарлагын газар хүүгээ зугаацуулж явахад хүүхнүүд түүний минь шаргал үсийг илж, гуалиг сайхныг нь шагшдаг байсан. Земмерингэд чаргаар гулгахад нь хүмүүс түүнийг бахдан хардаг байв. Хүү минь тийм хөөрхөн энхрий амьтан байсан юм. Өнгөрсөн жил Терезанумын дотуур байртай сургуульд ороод, тэндээс тавьж өгсөн дүрэмт хувцсаа өмсч бяцхан сэлмээ зүүчихээд байгаа нь XYIII зууны үеийн язгууртны цэргийн сургуулийн сурагч шиг харагддаг байсан. Гэтэл одоо хөөрхий минь гараа цээжин дээрээ зөрүүлээд уруул нь хөхөрчихсөн хэвтэж байна. Чи надаас хүүгээ яаж тийм дээдсийн зиндааны хүмүүжлээр хүмүүжүүлж тийм санаа амар хөнгөн амьдралаар бялхуулж байсан юм бэ гэж асуух байх. Гэвч би чамтай нүүр тулж суугаад ярьж байгаа биш болохоор ичихгүй байна. Хайрт минь бүү айгаарай. Би биеэ худалдаж байсан юм. Чиний хүү баян тансаг амьдралд булхаж чиний зэрэгт өсч, чиний амьдарч байгаа тэр л хүрээнд амьдраасай гэж би хүссэн. Зөвхөн үүний төлөө л би биеэ худалдсан юм. Энэ явдлаа би бузар булай юм гэж бодоогүй. Учир нь миний биед ойртсон чи л надад хамаатай цорын ганц хүн байсан бөгөөд бусдын хувьд энэ бүхэн ямар ч ач холбогдолгүй. Ямар ч утга илэрхийлдэггүй байсан юм. Эрчүүд намайг үнэн сэтгэлээсээ хандан энхрийлж байсан ч би тэднийг хүндэтгэдэг байсан хэдий ч би өөрийнхөө хязгааргүй хайр сэтгэлээс өөрийг бодож тэвчдэггүй байлаа. Миний таньж мэддэг хүн бүхэн намайг хайрлаж хүндэтгэдэг байсан юм. Нэг хижээл насны бэлэвсэн гүнтэн намайг төрсөн охин шигээ хайрлаж хүүг минь Терезаниумын гулгуурын талбай руу авч явах гэж босгыг минь элээх шахдаг байлаа. Намайг гэрлэе гэж гурав дөрвөн ч удаа гуйсан. Хэрвээ тэгсэн бол би гүнтний хатан болж Тирол дахь үлгэрийн юм шиг харшид залран сэтгэл төвдөх юмгүй, хүү минь ч сайхан сэтгэлтэй хүндэт эцэгтэй, би тайван дөлгөөн сайхан ханьтай болж болох л байсан. Би түүний сэтгэлийг хүлээж аваагүйгээрээ хөөрхийг ямар их зовлонд унагаснаа харсаар байж зөвшөөрөөгүй. Хэрвээ би тэр үед чамтай хэзээ ч таарсан сул чөлөөтэй байх ёстой гэж бодож байгаагүй бол өдийд хаа нэгтэй газар амар жимэр сууж хүү минь ч ээжтэйгээ хамт байж л байх байсан даа гэж бодогдох юм. Хүүхэд наснаасаа мөрөөдсөн чамтайгаа хэзээ нэгэн цагт заавал уулзана, чи намайг дуудна гэдэг бодол сэтгэлийн минь мухарт үргэлж байсаан. Тиймээс чиний анхны дуудлагаар ч чам дээр очиход ямар ч татлаа түлхээгүй чөлөөтэй байхыг хүсч байв. Аль хүүхэд байхын л миний хүсэл бүх л амьдралынхаа туршид чамайг хүлээсэн хүлээлт байлаа.
Хүсэн хүлээсэн цаг минь ч ирлээ. Гэвч тэрний тухай чи юу ч мэдэхгүй шүү дээ. Хайрт минь. Тэр үед чи намайг бас л таниагүй одоо бол бүр хэзээ ч мэдэхгүй. Би урьд нь чамтай театр, концерт, Нратергийн гудамжинд зөндөө л дайралдаж, дайралдах бүртээ зүрх минь шимширдэг байлаа. Чи намайг ердөө ч таньдаггүй байсан. Мэдээж миний гадаад төрх охин байсан үеийнхээсээ асар их өөрчлөгдөж үнэтэй тансаг хувцас өмссөн шүтэн бишрэгчид намайг хаа ч явсан хүрээлж байдаг байсан бөгөөд хүмүүс намайг сайхан хүүхэн гэдэг байсан юм. Тийм болохоор чи намайг бүдэг гэрэлтэй унтлагынхаа өрөөнд харсан туранхай хүүхэн гэж яаж мэдэхэв дээ. Намайг дагалдан явсан эрчүүдийн хэн нэг нь хааяа чам руу толгой дохин мэндлэхэд чи хариу мэхийхдээ намайг зүгээр л найрсаг зангийн үүднээс зэрвэс хараад өнгөрч байлаа. Чиний харц ямар хачин хөндий хүйтэн үл таних харц байдаг байсан гэж бодноо. Намайг Танихгүй байдагт чинь би бараг дасаж байтал намайг тэсгэлгүй зовоосон нэг учрал болсныг би санаж байна. Театрт юм үзэхээр очоод лоожинд сууж байтал чи хажууханд сууж харагдав. Хөгжим эхэлж гэрэл унтрахад чиний царай надад харагдахаа болив. Гэвч тэр нэгэн шөнийх шиг чиний амьсгаа ойрхон сонсогдож чиний энхрий зөөлөн гар надаас хилэн хөшгөөр л тусгаарлагдаж байв. Намайг хэзээ нэгэн цагт энхрийлэн таалж байсан энэ гарыг бөхийгөөд шуналтайгаар үнсэх юмсан гэдэг тэсгэлгүй хүслэн намайг эзэмдэв. Сэтгэл түгшүүлэм хөгжмийн ая ухаангүй явдал хийх гэж байсан миний уруулыг чиний гарт хүрэхээс өмнө тогтоон барилаа. Нэгдүгээр бүлгийн дараа би хамт яваа хүнээсээ намайг хүргэж өгөхийг хүслээ. Би чамтай ийм ойрхон харанхуй газар тэвчин сууж чадсангүй. Гэхдээ хүссэн цаг маань ирсэн гэдгийг би түрүүн хэлсэн билээ. Миний нэрвэгдэн сүйдсэн амьдралд сүүлчин удаа тэр цаг ирсэн гэдгийг би хэлэх гэсэн юм. Энэ бүхэн одоогоос жилийн өмнө чиний төрсөн өдрийн маргааш нь болсон билээ. Хачирхалтай нь би өдөржин чиний тухай бодсон. Яагаад гэвэл би чиний төрсөн өдрийг баяр шиг тэмдэглээд сурчихсан юм. Өглөө эрт сурсан зангаараа гэрээсээ гарч чамд зориулан цагаан сарнай худалдаж аваад тэртээд мартагдсан цагийн дурсгал болгон чамдаа илгээлээ. Өдөр нь хүүтэйгээ хамт гулгаад дараа нь Демелийн амттаны дэлгүүрт оров. Ямар нэгэн баяр тэмдэглэж байна гэдгээ хүүдээ мэдэгдэхгүйн тулд орой нь театрт очив. Маргааш орой нь би тэр үед найзалж байсан Брюинээс ирсэн үйлдвэрийн эзэн залуу найзтайгаа хамт концерт үзэв. Бид хоёр жилийн турш харьцаатай байсан боловч тэр намайг бусдын нэгэн адил хайрлан хүндэтгэж гэрлэхийг хүссэн мөртлөө ямар ч тодорхой шалтгаангүй татгалзсан хариу сонссон нэгэн байв. Надад тусалж, хүү бид хоёрт бэлэг өгч сайн сайхныг хүсдэг боломжийн сайн хүн байсан билээ. Бид концерт дээр танилуудтайгаа тааралдаж хамтдаа Рингштрассе зоогийн газар оройн хоол идэхээр явцгаав. Наргиан цэнгээнтэй байсан тул Габерены бүжгийн танхим руу очихыг би санал болгов. Би тиймэрхүү газар очихоос голдуу татгалздаг байсан учир нь тэнд дэндүү шуугиантай согтуучууд бөөнөөрөө байдаг байсан юм. Гэтэл намайг тайлбарлахын аргагүй нэг хүч тийш нь чангааж найз нар маань ч уухайн тас зөвшөөрлөө. Яагаад дургүй юмандаа дурлаад байгаа гэдгээ би өөрөө ч мэдээгүй боловч тэнд хэн нэгэн хүн намайг хүлээж байгаа ч юм шиг нэгэн үл үзэгдэх хүчин намайг тийш нь хөтөлж байлаа. Миний хамт явсан нөхдүүд намайг ихэд хүндэтгэдэг болохоор тэр дороо л босож Габарен руу явцгаав. Тэнд шампаан дарс ууж, би урьд хэзээ ч байгаагүй галзуу юм шиг аашлан хөгжиж байлаа. Ямар хөгжилтэй байсан гэж санана. Би уугаад л...шалиг дуу дагаж дуулаад л...хэрвээ жаахан л удсан бол босоод бүжиглэх юм уу, эсвэл танхим дүүрэн тачигнатал хөхрөхөд бэлэн байсан. Гэнэт би чамайг олж хараад галд хайрагдсан ч юм шиг, мөсөнд хайруулсан ч юм шиг зүрх минь хачин оргиод явчихыг мэдрэв. Чи хажуу талын ширээнд нөхөдтэйгээ суучихсан намайг өнөөх л сэтгэл зүрхийг минь булаасан хүсэл шингэсэн тэр л харцаараа шимтэн ширтэж харагдах нь тэр... Арван жилийн дараа чи намайг анх удаагаа дахиад л өнөөх өөртөө татсан тачаангуй харцаараа харав. Би дагжин чичирч барьж байсан хундагатай дарсаа золтой л унагачихсангүй. Аз болоход миний мэгдэн сандарсныг хөгжим инээд хоёрын чимээ шуугианаас болоод манай ширээнээс хэн нь анзааралгүй өнгөрөв. Чи намайг дүрэлзсэн харцаар тасралтгүй ширтэж би галд орсон юм шиг улайж орхив. Би дотроо чамайг намайг танив уу эсвэл чамд дахиад л Танихгүй эмэгтэй харагдав уу гэдгээ ялган ойлгохыг оролдсон.
Нүүр маань чинэрэн би нөхдийнхөө асуултанд хайнга дуугаар хариулж суулаа. Чиний харц намайг яаж догдлуулсныг чи мэдээгүй. Чи толгойгоо үл ялиг хөдөлгөн намайг үүдний өрөөнд гарч уулзъя гэж дохив. Тэгээд чи зориуд чанга дуугаар нөхөдтэйгээ салах ёс хийн тооцоогоо бодуулаад намайг хүлээж байна гэдгээ надад ойлгуулаад гарч одов. Би даарсан мэт чичрэн догдолж хөөрснөөсөө болоод нэг ч үг дуугарч чадсангүй. Яг энэ үед хос харууд шал товшин бүжиглэж, бүхний анхаарал шинэ маягийн бүжиг, хашгираанд татагдах тэр үед би цуг явсан хүндээ одоохон ирнэ гэж хэлчихээд чиний хойноос гарлаа. Чи үүдний өрөөн дэх өлгүүрийн дэргэд намайг хүлээн зогсож байснаа намайг ойртон очиход минь царай чинь гэрэлтээд явчихсан. Инээмсэглэсээр над руу ирэхдээ намайг өнөөх бүсгүй гэдгийг огтхон ч таниагүй. Анх удаагаа л учирч байгаа хүүхэн гэж бодож байгааг чинь би шууд л мэдэрсэн. “Та надад зориулан жаахан зав гаргахгүй юу?” гэж итгэлгүй дуугаар асуухад чинь намайг ганц оройг хамт өнгөрүүлэхийн тулд худалдаад авчихаж болдог тэр эмэгтэйчүүдийн нэг гэж бодож байгааг чинь би ойлголоо. “Тэгье” гэж догдлон өгүүлэхдээ яг л өнөөх нарийхан гудамжинд жаахан охин байхдаа уулзсан шигээ байдалд орчихов. Чи надаас “Хэзээ уулзах вэ?” гэж асуув. “Хэзээ ч яах вэ?” гэж хариулахдаа би чамаас ердөө ч ичсэнгүй. Чи тэртээ нэгэн цагт намайг өөртөө зөвшөөрөх үеийнх шигээ сонирхсон итгэлгүй харцаар гайхан харав. Чи шийдэж ядсан дуугаар “Одоо болох уу?” гэв. “Тэгье, явцгаая” гэж хэлэхдээ би өлгүүр лүү дээлээ авахаар очсон байлаа. Тэнд очсон хойноо л өлгүүрийн дугаар нөгөө хүнд маань байгааг санав. Буцаж очоод дугаараа авах боломжгүй, тэгвэл уртын урт тайлбар хэрэгтэй болж, энэ нь миний олон жил тэгтлээ их хүсэн хүлээж байсан чамтайгаа өнгөрүүлэх цагаас хороох учраас би хүссэнгүй.
Би үдшийн гоёлдоо огтхон ч харамсаагүй агаад бүтэн хоёр жилийн турш гэрлэх гэж байгаа бүсгүй нь гэж яригдсан надад зөвхөн сайныг л хүсдэг тэр хүнээ ч юман чинээ бодолгүй дөнгөж уулзуутаа л чамтай хамт явахаар шийдэв. Би чамд тийм л хайртай байлаа. Гэвч энэ бүхнийг хэзээ хойно бүх юм өнгөрсөн хойно хэлж байгаадаа харамсаж байна. Хэрвээ хэвтэрт үхлүүт байхад чи минь дуудвал би чамайгаа дагаад явах л байсан байх гэж санагдах юм. Ийм хүч надаас гарах л байсан. Орцны үүдэнд машинаас бууж бид танайх руу орлоо. Би дахин чинийхээ дотно дууг сонсож хамт байгаагаа мэдэрч байхдаа бидний анхны учрал шиг жаргалдаа мансуурч явлаа. Арван жил өнгөрсөн хойно би нөгөө шатаараа ахиад өгсөж байна. Гэвч, гэвч би энэ тухай дахин дахин ярьж чадахгүй нь. Яг л урьд тохиолдсон шиг дахиад л чамтайгаа явж байсан билээ. Чиний өрөөнд ганц хоёр тавилга, хэдэн зураг номноос өөр нэмэгдсэн юмгүй, өнөө л урьдын танил хэвээрээ байв. Бичгийн ширээн дээр чинь миний чамд төрсөн өдрөөр чинь дурсгал болгон илгээсэн сарнайтай цэцгийн сав байж байлаа. Чи хэн болохыг нь санахгүй, тэр ч байтугай гараа барилцан ярилцаж байхдаа хүртэл дэргэдээ байгааг нь мэдэхгүй байгаа энэ л бүсгүй илгээсэн гэдгийг яаж мэдэхэв дээ. Гэлээ ч гэсэн миний дурлалын илэрхийлэл болсон тэр цэцгийг чи хадгалж, тэр нь танай өрөөнд байгааг би харахдаа баяртай байлаа. Чи намайг тэвэрлээ. Би танайд дахиад л урт шөнийг өнгөрүүлэв. Гэсэн ч намайг таньсангүй. Нэг л мэдэхнээ өглөө болж бид оройхон босоод өглөөнийхөө цайг хамт уухаар болов. Хэн нэгний бэлдсэн өглөөний цайг уун, чөлөөтэй ярилцацгаалаа. Чи надтай дахиад л сонирхсон шинжгүй энгийн яриа өрнүүлэв. Миний хэн болох, хаана амьдардаг, юу хийдгийг огт асуусангүй. Би бол чиний хувьд агаарт замхран арилдаг тамхины утаа, хэн нь ч үл мэдэгдэх учраад өнгөрдөг замын л нэг хүүхэн байлаа. Чи надад өмнөд Африк руу хоёр гурван сарын хугацаатай, аялан явах гэж буй тухайгаа ярив. Миний баяр хөөр уйтгар гунигаар солигдон айсандаа цус минь царцах шиг болж “гүйцээ бүх юм өнгөрч” гэдэг үг чихэнд минь сонсогдох шиг болов. Би хөлд чинь сөхрөн “Намайг аваад яваач, тэгвэл чи энэ олон жил өнгөрсөн хойно намайгаа одоо л ойлгох болно шүү дээ” гэж хашгирмаар байлаа. Гэвч би дэндүү зүрхгүй хулчгар амьтан, чиний дэргэд номхон “боол” шиг л байсан юм. Тэгээд зөвхөн “Ямар харамсалтай юм бэ?” гэлээ. Чи намайг харан инээмсэглээд “Чамд үнэхээр харамсалтай байна уу?” гэв. Би цаашид удаан тэсвэрлэж чадахгүй нь гэдгээ ойлгов. Би босож чиний царайг удаанаар ширтэн хараад тэр намайг одоо л таних байх гээд айсандаа чичрэн горьдон хүлээв. Гэвч чи над руу харж инээмсэглээд зугаатайгаар “Аялалаас эргэж ирсэн биз дээ” гэв. Би “Тиймээ, гэвч эргэж ирээд л мартчихсан” гэлээ. Миний хэлсэн дууны өнгө чамд гайхалтай сонсогдсон юм байлгүй чи гайхсан зөөлөн дулаан харцаар харснаа мөрөөр минь тэврэв. “Сайн хүмүүс мартдаггүй юм. Би чамайг мартахгүй ээ” гэж хэлээд чи намайг сайн тогтоож авах гэсэн мэт нүд рүү минь удаан ширтлээ. Надаас ямар нэгэн юм хайсан мэт шуналтай ширтэхэд чинь одоо л нэг юм намайг таньж миний сэтгэлийг онгойлгох нь гэж баярлав. “Тэр намайг таньж байна, таньж байна” ингэж бодоод сэтгэл минь дэвэрсэн. Гэвч чи намайг таньсангүй. Би чамд хэзээ ч ойр дөт байсангүй. Яагаад? Яагаад гэвэл чи хэдхэн минутын дараа хийснээсээ өөр юм миний тухай хийж чадахгүй байсан юм. Чи намайг шуналтай үнсэж, би үсээ дахин самнахаас өөр аргагүй болов.
Толины өмнө зогсож байхдаа чиний хийж байгаа юмыг хараад айж ичсэндээ арай л ухаан алдан унасангүй. Чи миний гар цүнхний завсраар хоёр том дэвсгэрт шургуулж байгаа харагдлаа. Би яагаад хашгирч чамайг алгадчихаагүй юм бүү мэд. Аль хүүхэд байхаасаа чамд дурлан хайрлаж байсан, төрсөн үрийнхээ эхэд шөнийг хамт өнгөрүүллээ гэж мөнгө төлж байхад шүү. Би чиний хувьд ердөө л Габаренаас олсон янхан байж. Чи надад хөлс төлсөн шүү дээ. Хөлс төлсөн. Чамд мартагдсан багадаад ингэж л дорд үзэгдэх минь дутаад байж. Би өөрийнхөө юмыг яаран цуглуулав. Надад дэндүү хүнд байсан учраас явах, аль болох хурдан явах минь дээр байлаа. Бүрх малгай минь бичгийн ширээн дээрх сарнайтай ваарны дэргэд байсан. Надад дахин нэг алхам хийх дийлдэшгүй хүслэн төрж “Чи надад цагаан сарнайнуудаасаа нэгий нь өгөхгүй юм уу?” гэв. Чи “Тэгэлгүй яахав” гээд цэцгүүдийг савнаас нь гаргалаа. “Энэ сарнайг чамд хайртай эмэгтэй хүн бэлэглэсэн байхаа даа” гэхэд минь чи “Магадгүй л юм. Гэхдээ хэн илгээснийг нь мэдээгүй ээ. Тийм болохоор нь би хайрладаг юм” гэлээ. Би чамайг ширтэн “Магадгүй чамд мартагдсан нэг бүсгүй илгээсэн ч юм билүү” гэв. Чи намайг гайхан харлаа. Би ч чиний нүднээс харц салгасангүй. “Таниач дээ намайг, таниач” гэж миний харц гуйж байв. Гэвч чиний харц юу ч анзаарсангүй. Энхрийллээр гэрэлтэв. Чи намайг дахиад л үнслээ. Гэвч таньсангүй. Нүднээс минь нулимс асгарчих гээд тэвчээр алдран чамдаа нулимсаа үзүүлэхгүй гэж л хаалга руу бушуухан алхлаа. Би гүйх нь холгүй явахдаа чиний зарцтай золтой л мөргөлдчихсөнгүй. Тэрээр замаас шалмагхан зайлан надад хаалга нээж өгөв. Энэхэн зуур би нулимстай нүдээрээ хөгшний нүдэнд ямар нэгэн оч гялсхийхийг анзаарлаа. Иогани намайг хүүхэд байхаас минь хойш нэг ч удаа хараагүй мөртөө таньсан юм шүү. Би хөгшний өмнө сөхрөөд намайг таньсных нь төлөө гарыг нь үнсмээр байлаа. Гэвч би тэгсэнгүй, зөвхөн гар цүнхээ уудлан миний намайг шившгийн тавцанд “өргөмжлөн” байж өгсөн тэрхүү бузар мөнгийг чинь хөгшинд сарвайлаа. Хөгшин зарц салганан намайг айсан нүдээр харахдаа миний тухай, чиний бүх л амьдралынхаа туршид тааварлаж байснаас ч илүү ихийг таамаглах шиг санагдсан шүү. Бүх хүмүүс бүгдээрээ намайг хайрлаж цөм л надад сайн сайхныг хүсдэг байхад ганцхан чи, чи л ганцаараа намайг санаа ч үгүй, нэг ч удаа болохноо таниагүй шүү.
Миний хүү, бидний хүү өчигдөр нас барж энэ орчлон дээр надад чамаас өөр хайрлах хүн үлдсэнгүй. Гэвч чи хэн билээ. Намайг огтхон ч Танихгүй, миний хажуугаар усны дэргэдүүр өнгөрч байгаа юм шиг өнгөрч, чулуунд тулсан юм шиг тойрч үнэнч хүлээлтийг минь эс ойшоон зовлонд унагасан нэгэн биш билүү? Надад чамайг хайрлах эз нэг л удаа тохиолдсон нь хүү маань билээ. Гэвч чиний л хүү байсан учир намайг бас л өрөвдөлгүй орхин одож, бүр хэзээ ч эргэж ирэхгүйгээр явчихлаа. Би дахиад л ганцаараа, цор ганцаараа үлдлээ. Надад зориулж бичсэн ганц мөр ч алга, хүү маань ч алга. Дурсагдах юм юу ч үлдээгүй. Чи миний нэрийг сонслоо ч юу ч санахгүй. Би яалаа гэж үхлийг хүсэхгүй байх билээ. Чиний хувьд үхчихсан би, чамайг надаас холдоод явчихсан хойно өөр яах юм. Гэсэн ч хайрт минь , би чамайг буруушаан зэмлэж, өөрийн уй гашууг чиний баяр баясгалант амьдралд нялзаахыг хүсэхгүй байна. Намайг уучлаарай. Хүүгээ алдчихсан болохоор сэтгэлээ чамд уудлан хэлэхгүй байж чадсангүй, бүү зовоорой. Энэ бүхнийг чамд би ганцхан удаа л тайлбарлан хэлчихээд, дахин хэзээ ч юу ч хэлэхгүй, урьдын адил таг чимээгүй байх болно. Гэхдээ энэ захиаг чи намайг амьд сэрүүн байхад хэзээ ч олж үзэхгүй бөгөөд хэрвээ энэхүү гэрээслэл чиний гарт орсон байвал тэр цагт би аль хэдийнэ хорвоогоос явчихсан байна. Энэ бүсгүй чамайг бусдаас илүү хайрлаж байсан боловч чиний хэзээ ч үл мэдэх, чиний дуудлагыг насан туршаа хүлээсэн тэр эмэгтэйн гэрээслэл юм шүү. Магадгүй чи намайг дуудлаа ч би булшин дотроос юу ч сонсохгүй шүү дээ. Би чамд дурсгал болгон ядаж ганц зураг ч үлдээсэнгүй. Яг чам шиг...
Чи намайг хэзээ ч мэдэхгүй. Хэзээ ч... Миний хувь заяа тийм л байсан. Үхэл минь ч бас тийм л байг. Чи миний царай зүсийг ч санахгүй. Нэрийг минь ч мэдэхгүй болохоор би чамайг сүүлчийн мөч ирэхэд ч дуудахгүй. Яагаад гэхээр надаас алс суудаг чи миний үхэж байгааг мэдэхгүй учраас би их сэтгэл амар үхнэ. Хэрвээ миний үхэл чамд хэцүү байгаа бол би үхэж чадахгүй шүү дээ. Би үргэлжлүүлэн бичиж чадахгүй нь...толгой минь хүндрээд, хамаг бие минь шархиран халуурч байх шиг байна. Хэвтсэн нь дээр байх. Тэгвэл түргэхэн бүх юм дуусч, хувь заяа минь намайг сүүлчийн удаа ч болтугай энэрч хүүг минь авч явахыг харуулахгүй болгож магадгүй...Би цааш нь бичиж чадахгүй нь...Хагацъя. Хайрт минь хагацъя. Чамдаа баярлалаа. Бүх юм буруугаар эргэсэн байсан ч гэсэн би чамдаа эцсийн амьсгалаа тасартал баярласаар л байх болно. Би чамд бүгдий нь хэллээ. Чи намайг, өөртөө ямар их хайртай байсныг ойлгож байгаа биз дээ. Үгүй ээ, чи зөвхөн тааварлаж л байгаа. Миний дурлал чамд зовлон учруулаагүй юм чинь чи надаар дутахгүй, энэ л намайг баярлуулж байна. Чиний гэрэлтэй сайхан амьдралд юу ч өөрчлөгдөхгүй...
Би өөрийн үхлээр чиний аз жаргалыг гутаахыг хүсэхгүй байна... Хайрт минь, би чамаас нэг л зүйл залбиран гуйя. Энэ бол миний эхний бөгөөд сүүлчийн гуйлт шүү...Намайг бодож биелүүлээрэй. Жил бүр өөрийнхөө төрсөн өдрөөр цагаан сарнай худалдан авч хөх ваарандаа хийж байгаарай. Жил бүр нас барсан төрөл садандаа буян үйлддэг шиг намайг бодож гүйцээгээрэй. Хайрт минь, би бурханд ч, буян үйлдэгчдэд ч итгэхийг хүсэхгүй, ганцхан чамдаа л итгэж байна. Хайрт минь, би чамд ганцхан чамд л хайртай байж хамт байхыг туйлгүй хүсэж байна. Бүтэн жилд ганцхан удаа чинийхээ дэргэд байх гэж ямар их хүснэ вэ? Үүнийг л биелүүлэхийг гуйя. Чамдаа баярлалаа. Би чамдаа хайртай...Хагацъя даа. *** Зохиолч захидлыг уншиж дуусаад хажуу тийш тавихдаа гар нь салганан чичирхийлж байв. Тэгээд удаан гэгч бодлогоширон суув. Хөрш айлын охин, тэр нэгэн бүсгүй, шөнийн цэнгээний газрын эмэгтэйн тухай бүрэг бараг дурсамж толгойд нь орж ирсэн боловч тоймтой юм юу ч санагдсангүй. Бүдэг бадаг бүүр түүрхэн юм санаанд нь оровч зүс нь огтхон ч орж ирсэнгүй. Яаж ч бодоод санах юм алга. Энэ бүхнийг нойрон дундаа, зөвхөн зүүдэндээ л үзсэн юм шиг санагдав. Түүний харц гэнэт бичгийн ширээн дээр байж байдаг хөх вааран дээр туслаа. Цэцгийн сав нь хов хоосон харагдана. Энэ олон жилийн хугацаанд анх удаагаа хоосон байгаа нь энэ. Тэрээр цочсон юм шиг татвасхийж, анир чимээгүй өрөөнд нь ондоо ертөнцийн үл үзэгдэх хаалгаар хүйтэн салхи сэнгэнэн орж ирэх шиг болов. Өнө мөнхийн хайр сэтгэл үхлийн амьсгалыг тэрээр мэдрэн ухаан санаа нь цэлмэх шиг болж алсаас сонсогдох тачаангуй хөгжмийн ая луугаа өнгөрүүлсэн амьдралаа эргэцүүлэн бодож эхлэв ээ.

No comments:
Post a Comment